2016-11-22
Шоконд орсон хүнд үзүүлэх анхны тусламж, анхаарах зүйлс

Шоконд орсон хүнд үзүүлэх анхны тусламж, анхаарах зүйлс

Бидэнд гэнэтийн болон архаг өвчин, гэмтлээс шалтгаалсан төрөл бүрийн эмгэгийг даван туулах чадвар байдаг боловч тэсвэрлэшгүй өвчин, гэмтэл, бэртлийн улмаас шоконд орох, улмаар үхэлд хүрэх ч тохиолдол гардаг.
Шок гэж юу вэ?
Гэнэтийн болон биеийн хямрал, гэмтлийн улмаас амьдралын чухал эрхтэн буюу тархи, зүрх, уушгины цусан хангамж алдагдаж, хүчилтөрөгч дутагдсанаас биед гарч байгаа өөрчлөлтийг шок гэнэ.
Шок хэрхэн үүсдэг вэ?
Хүний цусан хангамжийг хэвийн байлгахад дараахи гурван хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд:

1.Зүрхний үйл ажиллагаа хэвийн байх

2. Биеэр хангалттай хүчилтөрөгч агуулсан цус эргэлдэж байх

3. Цусны судасны хана гэмтэж цус алдахгүй, цусны хэмжээ хэвийн байх.

Аливаа гэмтэл бэртлийн үед, гэнэт өвдөхөд дээрх гурван нөхцөлийн аль нэг нь, эсвэл бүгд доголддог. Бага зэргийн гэмтэл, хөнгөн хэлбэрээр өвдөхөд зовиур багатай байдаг бөгөөд ийм тохиолдолд эд эс хурдан нөхөн төлждөг.  Харин хүнд хэлбэрээр өвчлөх, ноцтой гэмтэл авсан үед цусны эргэлт саатах, тархинд очих хүчилтөрөгчийн хэмжээ багасах шинж тэмдэг илэрч улмаар шоконд ордог.  Шок нь цусны хэмжээ багасах, зүрхний хэмнэл алдагдах, мэдрэлийн тогтолцоонд гэмтэл үүссэнээс болдог.

Шоконд орсон үед дараахи  шинж тэмдгүүд илэрдэг.
Үүнд:
– арьс чийглэг, хүйтэн, цонхигор болох
– амьсгаадсан байдалтай байх /минутанд 20-иос дээш удаа/
– судасны цохилт түргэсч суларсан
– ам ихээр цангасан
– дотор муухайрч, бөөлжис цутгасан
– ухаан санаа өөрчлөгдөх зэрэг шинж  илэрнэ.

Хэрэв дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд анхны тусламж үзүүлээрэй. Ингэхдээ шок үүсгэж байгаа шатгааныг зогсоох, амьсгал болон судасны цохилтыг чагнаж түргэн дуудах, өөр цус алдалт байгаа эсэхийг шалгах, тохиромжтой газар хэвтүүлээрэй. Энэ нь тухайн хүнд өвдөлт, айдас, сэтгэлийн цочролыг нь бага ч гэсэн тайвшруулахад тустай. Биеийн дулааныг хэвийн байлгахад анхааарч дулаан хөнжил, хувцасаар  хучиж дулаацуулах хэрэгтэй. Мөн амьсгал, судасны цохилтыг дахин шалгаж, биеийн байдлыг нягталж тархины цусан хангамжийг сайжруулах зорилгоор хоёр хөлийг дээш өргөнө. Гэхдээ тухайн хүн нуруу нугас, тархины гэмтэл авсан, хөл, доод мөчний яс хугарсан эсвэл ямар гэмтэл асвныг нь мэдэхгүй тохиолдолд хөлийг өргөж өндөрлөж болохгүйг анхаарна уу.

Шоконд орж байгаа хүний ам цангаж, уух юм хүсдэг боловч юм уулгаж, идүүлж болохгүй. Учир нь бөөлжих, мэс засалд орох шаардлага гарч  болзошгүй. Болж өгвөл нэн даруй эмнэлгийн тусламж дуудах нь зөв юм. Учир нь анхны тусламж үзүүлснээр шокоос гаргаж чадахгүй тул эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж зайлшгүй шаардлагатай байдаг.  Хэрэв тухайн хүний биеийн байдал нь муудвал ухаан алдаж болох бөгөөд энэ тохиолдолд амьсгалахад тохиромжтой байрлал буюу эргүүлэх байрлалд оруулж, хэвтүүлэх хэрэгтэй.
Анхаарах зүйлс:
Цус алдсан, сэтгэлийн хямралд орсон, эсвэл өөр ямар нэгэн гэмтэл, хүчтэй  өвдөлтийн улмаас шоконд амархан ордог учираас шокийн шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг байнга ажиглаж байх хэрэгтэй.
Гэмтсэн болон өвдсөн хүнийг шоконд орохыг хүлээлгүй, цаг алдалгүй анхны тусламж үзүүлж, шокийг цааш дамжрахаас сэргийлэх хэрэгтэй
Шокийн шинж тэмдэг илэрч байгаа хүний амьсгал, судасны цохилт, биеийн байдлыг байнга хянах нь чухал.

 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax