Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан GMP стандартад нийцсэн орчин үеийн дэвшилтэт техник, технологиор тоноглогдсон, иж бүрэн цогцолбор эмийн үйлдвэр өчигдөр нээлтээ хийсэн. Тодруулбал, Төрөөс үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, импортыг орлох, экспортыг дэмжих бодлого, зайлшгүй шаардлагатай эмийг дотооддоо үйлдвэрлэхийг дэмжих бодлогын хүрээнд “Монос” групп Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран “Олон Улсын GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэрийн цогцолборыг Монголдоо байгуулсан аж.
Тус эмийн үйлдвэр ашиглалтад орсноор үйлдвэрийн хүчин чадал 3,5-3,9 дахин нэмэгдэж жилдээ 352 сая шахмал эм үйлдвэрлэнэ. Мөн шинээр 100 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангана. Мөн бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, эмийн чанар сайжирч экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоо бүрдэж байгаа гэж нээлтийн үеэр “Монос” группынхэн хэлж байсан юм. Үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эрүүл мэндийн яамны ерөнхий нарийн бичгийн дарга С.Ламбаа, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар шинэ үйлдвэрийн нээлтэд оролцож, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Тус үйлдвэр рүү нэвтрэхэд маш олон шат дамжлагыг дамжих бөгөөд нэг удаагийн малгай, маск, халаад өмсүүлж маш олон төрлийн ариутгал хийж оруулдаг аж.
Бүх зүйл маш өндөр хяналтан дор цэвэр орчинд явагдаж буй нь шууд л нүдэнд туссан юм. Бидний эрүүл мэндэд нэн чухал шаардлагатай эм, эмэн бүдээгдэхүүнийг дэлхийн стандартад нийцсэн тусгай горимын дагуу маш олон шат дамжлагатайгаар хийж байлаа.
Сүүлийн үед эм, эмэн бүтээгдэхүүний чанар муудаж, эмчлэх биш хордуулах үйлчилгээг илүү үзүүлж байна гэсэн мэдээлэл гарч эхэлсэн учраас би яаж ч өвдсөн эм уухгүй байхыг хичээдэг гэдгээ нуух юун. Харин “Монос”-ын шинэ үйлдвэрээр зочлоод миний эргэлзээ айдас өөрчдөгдсөн юм. Тэд иргэдийнхээ эрүүл мэндийг эрхэмлэж, дэлхийн жишигт нийцсэн хамгийн сайн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон орчинд, өндөр хяналтан дор эмнүүдээ үйлдвэрлэж, савлаж байлаа.
Энэ нь эмийг хоол шиг иддэг Монголчуудын хувьд маш том ололт юм.
Бид нээлтийн үеэр хүндэт зочидтой уулзаж сэтгэгдэлийг нь сонслоо.
-Жилд сая ширхэг эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай GMP-ийн шаардлага хангасан аварга үйлдвэр Монголд анх удаа ашиглалтад орох гэж байна. Энэ бол Монгол улсын Аж үйлдвэрийн салбарт баримталж байгаа бодлогын үр дүн. Энэ үр дүн эрүүл мэндийн салбарт гарч байна. Бид эм хангамжийн 30 орчим хувийг Монголд үйлдвэрлэж байгаа. Бусдыг нь импортоор авдаг Цаашдаа эмийн 50 хүртэлх хувийг Монголдоо үйлдвэрлэнэ гэсэн их том зорилттой байгаа. Энэ зорилтыг биелүүлэхэд Моносын эмийн үйлдвэр маш том нөлөөллийг бий болгоно гэж үзэж байна. Монос групп эм ханган нийлүүлдэг байгууллага байсан бол эм үйлдвэрлэгч байгууллага болж байна.